Тэртээ 1963 онд ШУА-ийн Газарзүй, цэвдэг судлалын хүрээлэнгийн захирал, төрийн шагналт, академич Ш.Цэгмид салбар шинжлэх ухааны эрдэмтэн судлаачдын судалгааны үр дүнг олон нийтэд хүргэх, хүрээлэнг өөрийн гэсэн эрдэм шинжилгээний цуврал бүтээлтэй болгох үүднээс “Монгол Орны Газарзүйн Асуудал” сэтгүүлийн анхны дугаарыг эрхлэн гаргаж байжээ. Энэ түүхэн цаг хугацаанаас хойш тус бүтээлийн 41 дугаар хэвлэгдэн гарсан түүхтэй. 1997 онд “Шинжлэх ухааны байгууллагуудын талаар авах зарим арга хэмжээний тухай” Монгол улсын Засгийн газрын 31-р тогтоолоор ШУА-ийн бүтцэд Геоэкологийн хүрээлэнг шинээр бий болгосон бөгөөд тус хүрээлэнгийн удирдлага, эрдэмтэн судлаачид “Монгол Орны Геоэкологийн Асуудал” сэтгүүлийг бий болгож нийт 14 цуврал дугаарыг эрхлэн гаргасан байна.
Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 01-р сарын 26-ны өдрийн “Шинжлэх ухааны байгууллагуудын талаар авах зарим арга хэмжээний тухай” 27 дугаар тоот тогтоолоор ШУА-ийн Газарзүйн хүрээлэн, Геоэкологийн хүрээлэн, Информатикийн хүрээлэнгийн Геоинформатикийн лабораторийг нэгтгэн Газарзүй, геоэкологийн хүрээлэн нэртэйгээр шинэчлэн зохион байгуулсан. Энэ шинэчлэлтэй холбоотойгоор хүрээлэнгийн нэгж, салбарууд өөрчлөгдөн зохион байгуулагдсаны зэрэгцээ хүрээлэнгээс гаргаж буй бүтээлийн нэр, товъёог өөрчлөх шаардлага тулгарч байна. Нөгөө талаас манай хүрээлэнгийн сэтгүүлд асуудлаас гадна шинжлэх ухааны ололт амжилт, нээлт, юмс үзэгдлийн шинэ зүй тогтлыг харуулсан олон зуун эрдэм шинжилгээний өгүүлэл хэвлэгддэг юм. Ийм учраас хүрээлэнгийн эрдмийн зөвлөл, эрдэм шинжилгээний бүтээлийг эрхлэх зөвлөлөөс тус бүтээлийн нэрийг энэхүү толилуулж буй дугаараас эхлэн “Монгол Орны Газарзүй-Геоэкологи Сэтгүүл, англиар Mongolian Journal of Geography and Geoecology” нэртэй хэвлэн гаргаж байхаар шийдвэрлэсэн болно.
Монгол Орны Газарзүй-Геоэкологи Сэтгүүлийн чанар, ач холбогдлыг өсгөх, олон улсын түвшний эрдэм шинжилгээний сэтгүүл болох зорилгоор өгүүлэл хүлээн авах, түүнд хийх хөндлөнгийн хянан магадалгааг олон улсын жишиг стандартын дагуу гүйцэтгэх, хэвлэн нийтлэхтэй холбоотой журмыг шинэчлэн боловсруулсан хувилбараар та бүхэнд хүргэж байна. Сэтгүүл нь хэвлэмэл болон цахим хэлбэрээр уншигч олонд жил бүр хүрэх бөгөөд цахим хувилбарыг www.mjgg.igg.ac.mn хаягаас уншин судалж болно. Энэхүү бүтээлд манай улсын тэргүүлэх эрдэмтэн, судлаачид болон залуу эрдэм шинжилгээний ажилчдын хийж гүйцэтгэсэн газарзүй, геоэкологи, хүрээлэн буй орчин судлал, экологи, байгаль орчны менежмент төлөвлөлт, үнэлгээний чиглэлийн суурь, хавсарга судалгааны үр дүн болон байгалийн нөөцийн хамгаалалт, нөхөн сэргээлттэй холбоотой инноваци, технологийн судалгааны үр дүн зэрэг шинжлэх ухааны шинэ мэдлэг бүхий өгүүллүүдийг нийтэлсэн болно.
Эрхэм баян эрдэм мэдлэг түгэн дэлгэрэх болтугай.